401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг ангийн байрлалд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны иргэд болон Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн ар гэрийг хүлээн авч байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөхийн зэрэгцээ 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Мөн иргэдэд ангийн "Түүхийн булан" - г танилцуулахын сацуу Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг, лаборатори, үзлэг, оношилгооны кабинетууд болон Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн өглөө, өдөр оройн хоолыг цэс, технологийн картын хамтаар тэдний гэр бүлийн гишүүдэд танилцуулан эрүүл мэндийнх нь талаарх мэдээллийг өгөн ажиллаж байна.