АЙХТАР НЭРТЭЙ АМИРЛИНГУЙН ЕРТӨНЦ

мьдралдаа бүдэрч, буруу замаар будаа тээсэн хүмүүс “аав”-ын хаалгыг татаж, тэнд амьдралыг огт өөрөөр хардаг. Хэдийгээр эрх чөлөөгөө хасуулсан ч энэ газар нэгэн насных нь гай барцад цайрч, үйлийн үрээ үүрч барагдуулдаг гэдэг. Ер нь удмынхаа бүх гай зовлонг хэн нэг нь үүрч тэр бүхнийг амьдралаараа хаадаг гэж сонсож байсан юм байна.
Үнэхээр хатуу хувь тавилантайгаа тэмцэж, өөрийгөө ялан дийлэх нэг нь байхад зарим нь даалгүй хүмүүн бусаар одохыг энэ урт амьдралд бас цөөнгүй харж байлаа. Үнэхээр болж өгдөггүй, засрашгүй гэмээр хүний доторхийг үүлгүй тэнгэр шиг цэлмүүлж өгдөг айхтар нэрт тэр газар бол үнэндээ амарлингуйн ертөнц шиг гэгээлэг. Муу бүхэн тэнд арилж, сэтгэлийн хир угаагддаг учраас хэдий гэрэл гэгээгүй хатуу там боловч гэгээлэг гэсэн нь учиртай.
Юм бүхэн учиртай гэдгийг мартаж, болчимгүй үйлдэл гаргахдаа ухаараагүй бүхнийг нь ухааруулж, зөв замд нь оруулах бясалгалын орчин болдог учраас, бас адилхан цээрлэл хүлээж байгаа нөхдийн хамт хүн гэдгээ мэдэрдэг учраас хүн чанар, мөн чанар хамгийн ихээр тодорч гардаг газар гэж боддог. Нэрийг нь хүртэл цээрлэж хэлдэг, зартай аавын хөвгүүд шүд зууж туулдаг харанхуй хүйтэн хоног өдрүүд хорвоогийн нарыг халхлавч цээжний гүн дэхь эрх чөлөөг нээж чаддаг шидтэй. Монголын нууц товчоонд хууль цааз үнэмлэхүй хүчирхэг байсныг өгүүлдэг. Итгэл эвдсэн хэнийг ч болов хатуу шийтгэх хуультай байсан учраас эв эвдэж итгэл алдаагүй хөлөг баатрууд нь дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. Сайн муу санаагаа уралдуулвч эрэмбэ дараа, жудаг ёсонд хашигдаж суралцдаг бас л нэг амьдралын сургууль энэ гэлтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан ч тэдгээр хүмүүстэй хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн харьцаж, амьдралд алдсан алдаан дээр нь хамт зовж, ухаарч зөв гишгэх бүрд нь хамт баярлаж байдаг. Дөрвөн хананы дунд эдлэх зовлонг нимгэлж, сайнтай муутай хорвоогийн салхи жаврыг хааж, хүн л юм хойно дэм тус болсоор албаа өөд татаж, аавын хөвгүүд охидод зөв амьдралын хэмнэлийг дамжуулж байдаг тэдгээр алба хаагчид дунд хүнлэг, сайхан сэтгэлтэй нь дэндүү олон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол маш хүмүүнлэг байгууллага. Гүйцэтгэдэг үүрэг нь хүмүүнлэг байхыг шаарддаг болохоор хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаатай нь дагнан ажиллаж, тэр чиглэлээр түлхүү мэргэшсэн байдаг. Тэд ахмадууддаа гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн сайхан уламжлалтай. Хүндхэн энэ албандаа ажралгүй нэгэн насны амьдралаа зориулсан тэдэндээ аль болох хүндэтгэл үзүүлж, баярлуулахыг хичээдэг юм билээ. Мөн хүмүүжигчдийг цаг үргэлж эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулж сайн хоол ундаар хооллож ундлахыг эрхэм зорилгоо болгодог нь анзаарагдсан. Амьдралдаа алдсан ч гэлээ ахиад өмнө нь урт удаан жаргалтай амьдрал байгаа учраас хүмүүжигчдийг эрүүл саруул, сэтгэл санаагаар өөдрөг, гэдэс цатгалан байлгах гэж өдөр шөнийг ялгалгүй зүтгэж яваа мөрдэст охид хөвгүүддээ баярлалаа.
Яагаад ч юм тэднийг магтмаар санагдаад, далдын далд ажиллахдаа чин үнэнчээр зүтгэдгийг нь бодоод баярлах сэтгэл төрөх юм.
Саяхан болсон “Парис-2024” зуны олимпын жудо бөхийн төрөлд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, Дэлхийн аварга, ОУХМ Б.Баасанхүү Монгол эх орноо төлөөлөн олимпийн мөнгөн медаль хүртсэн явдал нь тус байгууллагын удирдлагын арга ухаан, аз хийморь хэр хэмжээнд байгааг харууллаа. Финланд улсад зохион байгуулагдсан Практик буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид амжилттай оролцож, хос алт болон мөнгөн медаль хүртсэн. Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэслэгч Д.Хүдэрбулга “Улсын заан”, дэслэгч Э.Ууганбаяр “Улсын харцага” цол хүртэж тун өнгөтэй, одтой наадлаа. Айлаар бол гэрийн эзний сүр сүлд, хийморь лундаа нь гялалзаж байх тусам тэр гэр бүлийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байдгийн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нар хийморьтой, ёндоотой байна. Танд болон танай хамт олонд баяр хүргэе. Бас үнэхээр хүний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй алба хаагч бүрд талархаж, зовлон үзсэн бүх гэр бүлийн өмнөөс та бүхнийхээ ажил үйлсэд өндөр амжилт хүсэж мэхийн ёсолъё. 🙏🇲🇳
Гэгээнтэнд өмнө нь хийсэн гэм байдаг, гэмтэнд ирээдүй байдаг. 

Add comment

reload, if the code cannot be seen