✅“1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ОРОЛЦОЖ ЯВСАН, АХМАД ДАЙЧИН-ТӨРИЙН ХУЯГ”

✅Олон улсын ахмадын өдрийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан Гомбын Чогсомжав хэмээх эгэл хүмүүний туулж өнгөрүүлсэн, үзэж туулсан амьдрал бахархам түүх, дурсамж дурдатгалыг өөрийнх нь өгүүлснээр та бүхэнд хүргэж байна.
✅Ахмад дайчин Г.Чогсомжав 1925 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын Хөдөө буурал гэх газарт малчны гэрт мэндэлж, 16 настайдаа нутгийн ах дүүстэйгээ жин тээж, цэргийн албанд 19 настай мордож, аавын олон хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эх орноо хамгаалах ариун үйлсэд сэтгэл зүрхээ зориулан явсан нэгэн. Тэрээр Баянтүмэнгийн тавдугаар дивизийн 14 дүгээр Морьт хорооны тагнуулын ангид 1944 онд цэргийн алба хааж, өртөөнөөс өртөө дамжин мэдээ хүргэж, салхи татуулан морин дэл дээгүүр залуу насныхаа эд хавыг гайхуулж явжээ.
✅Г.Чогсомжав: 1944 оны намар. Шинэ очсон цэргийн хүүхдүүдэд цэргийн хангамж гэж хөвөнтэй өмд, котель, халбага, ногоон өмд цамц, гутал, хос ногоон мөрдэс өгч байсан сан. Алба хаах хугацаанд нэг өдөр дарга маань дуудаад жолооч бол гэдэг юм байна. Би ч “мэдлээ, гүйцэтгэе” гэхээс өөр юу гэх вэ дээ. Цэргийн жолооны түргэвчилсэн сургалтад сууж, машин жолоодож сурсан юм даг. Нэг өдөр машин барьж явахдаа хөнгөн араанд нь хийж, жаахан хурдалсан чинь даргадаа загнуулаад “Чи ер нь тагнуул бол, жолооч тохирохгүй нөхөр байна” гэдэг байгаа. Ингэж л 20 насандаа чөлөөлөх дайнд оролцон цэл залуу, омголон насны омог аагаар явсан үе дээ хөөрхий.
Алаг хорвоогийн амьдралын ээдрээ нугачааг бие сэтгэлээрээ мэдэрч, олны дунд “Хүн нэрээ тогос өдөө” гэдэг зарчмыг баримталж, эх орныхоо сөөм газрын төлөө амь нас, бие сэтгэлээ зориулах үйлсэд хүчин зүтгэх болсон нь нэг ёсондоо эр хүний бахархал юм билээ. Хятадын Шанси муж, Цагаан хэрэм, Хянганы нуруу, Шар мөрөн хүрч, дайсантай тулалдаж, японы долдугаар армийн 19 дүгээр корпусыг буулган авахад оролцож, 21 мянган японыг тууж ирэн хоёр жил гаруй хугацаанд харж хамгаалах ажилд оролцлоо.
✅1947 оны 10 дугаар сарын 20-ны өдөр. Сэлэнгийн Алтанбулагт япончуудыг хүргэж байлаа. Би 1948 онд цэргээс халагдсан юм. Цэргээс халагдахад сайхан дурсамжууд их байсан, цэргийн албаа хамт хашсан хүмүүсээс үлдсэн нөхөрлөл, хамгийн гол нь эр хүний тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, хэцүү цагийг даван туулахад тэвчээр үлддэг юм байна лээ. Чөлөөлөх дайнд тулалдаж явахдаа пулемётны суманд өртсөн ч азаар их хүнд шархдаагүй, цээжинд ганц сайхан бууны сумны сорви үлдсэн дээ. Тэр үеэ эргээд бодоход залуу насныхаа ааг омгоор эх орныхоо төлөө ширүүн тулаанд амиа ч үл хайхран тэмцэж явсны минь нэгэн баталгаа бие дээр минь үлдсэн гэж боддог.
Гэхдээ тухайн үедээ шархадлаа гээд дайн, тулааны үед хойш суугаад, ухарч няцаж, зориг мохож үзээгүй учраас л өдийд амьд мэнд амьдарч яваа гэж бодож байна.
✅Цэргийн албанаас халагдчихаад цэргийн хүн л болмоор санагдаад ер горьгүй байсан даа. Тэгээд ч Дотоод яамны төв сургуулийн курст суралцаж, 1948 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /одоогийн нэршлээр/ гэж энэ том айлд хянагчаар ажилласан. Нэг өдөр ажил дээр байж байтал ногоон хувцастай, залуухан дэслэгч ирж, надтай уулзсан юм. Тэр хүн Дотоод яамны хүн байсан юм билээ. Намайг “сайд генерал Шагдаржав дээр явж очиж уулз” гэдэг байгаа. Би ч их гайхаж, ямар хэрэг тарилаа даа гээд тэрүүхэн хооронд бодож, яасан юм бол гэж их балмагдаж, айж байлаа шүү дээ. Дуудсан газарт нь гүйгээд очтол цэргийн дүрэм гэнэт асуугаад шалгалт, шүүлэг болоод явчихав. Тэнд надаас гадна 20 хүн байсан. Намайг шалгаж дууссаныхаа дараа шууд тэр 20 алба хаагчийг удирдаж, “Бэлгийн мал” хүргэх үүрэг өгөв. Надтай хамт манай байгууллагаас Жандал, Цагаанбилэг, Цоодол, Дамдин, Шагдар, Долгор нар хамт явсан. Эд нар бүгд “Хянагч, харуулч”-д байсан. Тэгээд бид ботготой 2 ингэ, 1 буур, тугалтай 2 үнээ, 1 бух нийт 3800 хонийг вагонд ачиж, гуч гаруй хоног явсан даа. Тэр үед бидэнд цэргийн шинэ хувцас бас ёслолын хувцас өгч, 1957 оны 9 дүгээр сарын 27-нд бэлэг хүргэхээр хөдөлсөн. Тухайн үед төмөр савтай хүнс өгч, өнөөхийг нь задалсан чинь час улаан өнгөтэй, юу ч бүү мэд, гайхаж бие биерүүгээ харж байгаад хаячихав. Дараа нь учрыг олоход гахайн утсан мах байсан юм билээ.
Би чинь япон, хятад, орос хэлээр ойр зуурын яриа ойлгож бас ярина. Биднийг буцаж ирэхэд даалгавраа нэр төртэй биелүүлсэн гээд яамнаас их сайшаасан даа.
✅1959 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Зүүнхараагийн лагерьт харуулын бага дарга, хянагчаар ажиллаж, 1986 оны 10 дугаар сард гавьяаныхаа амралтыг эдлэн сууна даа. Зүгээр суухгүй ээ бас сав л хийвэл дугуйгаа унана, нутгийнхан маань намайг андахгүй, дугуй унаж явахад зарим хүн гайхаад араас хараад хоцорно. Хүн идэвхтэй хөдөлгөөнтэй байхад хийж бүтээх ажил их шүү дээ.
✅Ах нь эх орны цэрэг хүн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж өнөр айлын ахмад ажилтан гэдэг нэр хүндтэй, эрхэм цолтой хүн дээ. Манай байгууллага 2021 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж, би гэдэг хүн чинь хүндэт зочноор уригдаж, “Төрийн хуяг” хэмээх өндөр цолны эзэн болсон, энэ шагналыг маш цөөхөн хүнд олгосон байдаг юм. Тэр мөчид байгууллагынхаа нэгээхэн түүх болж яваадаа өөрийн эрхгүй баярлаж, хамт олон, байгууллага, цэргийн амьдралаараа бахархаж байлаа.
✅“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж үг бий. Цэргийн алба гэдэг хүнд асар их тэвчээр хатуужлыг төлөвшүүлдэг, бахархам сайхан алба юм шүү.

Add comment

reload, if the code cannot be seen