Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа улсын төсөвт болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд буюу “Хэрэмт Цамхаг”, “Төр Хур” улсын төсөвт үйлдвэрийн газар, “ШТН”, “Газар Ивээл” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлага, алба хаагчид зудад өртсөн малчдад туслах зорилгоор “НЭГ АЛБА ХААГЧ, НЭГ СЭТГЭЛ” малчдад туслах аяныг зохион байгууллаа.
“Таван эрдэнэ болсон мал сүрэг, өлзийт удмаа галтай дагасан малчин түмэндээ халуун сэтгэлээр тусалъя” уриатай тус аяныг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай зохион байгуулсан бөгөөд малын нэмнээ, хивэг тэжээл, ахуйн газ, лаа, шүдэнз, бээлий зэргээс бүрдсэн тусламжийн багц бүрдүүллээ.
Тусламжийн багцыг “Хэрэмт Цамхаг” УТҮГ-ын захирал, хурандаа А.Буянбаатар, “ШТН” ТӨААТҮГ-ын захирал, дэд хурандаа Д.Батгэрэл, Төр Хур” УТҮГ-ын захирал, дэд хурандаа Б.Ганзориг нар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасгийн дарга Д.Батцэнгэл, Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороон дарга Д.Жавзмаа, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг, Налайх дүүргийн Улаан загалмай хорооны дарга Б.Тунгаамаа нарт хүлээлгэн өглөө.
Зудад өртсөн малчдад нэн шаардлагатай эд материалын туслалцаа үзүүлсэнд Баянзүрх дүүрэг, Налайх дүүргийн төлөөлөл талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.