ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД “АХЛАГЧИЙН АЛБА-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан байгууллагын ахлагчийн албаны хөгжлийн өнөөгийн түвшин, мэргэжил, мэргэшил сургалтын тогтолцоо, албандаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих болон бүрэлдэхүүний өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2024.02.26/ амжилттай зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн 39 ахлагчийн 31 илтгэл ирүүлснээс илтгэлд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн сувилагч, дэд ахлагч Ө.Одгэрэл “Эмэгтэй цэргийн алба хаагчийн манлайлал” сэдвээр, хоёрдугаар байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбоочин, дэд ахлагч М.Алтансайхан “Эмэгтэй алба хаагчийн ажлын байрны сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь” сэдвээр, гуравдугаар байрт 405 дугаар хаалттай хорих ангийн нярав, дэд ахлагч М.Билэгбишрэл “Эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудал ба шийдэл” сэдвээр, тусгай байрт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нярав, дэд ахлагч Б.Элбэгзаяа “Эмэгтэйчүүд бидний хөгжил, дуу хоолой” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй, Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, доктор, хурандаа Б.Батболд, Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн дарга, хурандаа Р.Саруултамир, Соён гэгээрүүлэх, сургалт, судалгааны хэлтсийн дарга, хошууч У.Анхцэцэг, 403 дугаар анги-Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, дэд хурандаа Б.Галбадрах нар оролцож, шилдгүүдийг тодруулсан юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлж, идэвхтэй оролцсон нийт алба хаагчдад талархал гардууллаа.

Add comment

reload, if the code cannot be seen