Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид, ахмад настнуудтай уулзаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй бодлого, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бодлого алба хаагчдын цалин хангамжийг нэмэх, сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор уулзалтын үеэр хийсэн мэдээлэлдээ онцлон тэмдэглээд 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс алба хаагчдын цалингийн 4 төрлийн нэмэгдлийг 25 ба түүнээс дээш хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраар батлуулсныг онцоллоо.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган оролцож байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “100 сая мод тарих хөтөлбөр” хэрэгжүүлж, 2022-2023 онд 1.5 сая мод тарж, 2024 оны эхний 5 сарын байдлаар 565 мянган мод тарьж ургуулан, арчлан хамгаалж байгааг дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”-ийн хүрээнд алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд оруулах, гэр олгох, сурах, хөгжих санал санаачилгыг дэмжих зэрэг олон талт арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглэв.
Түүнчлэн байгууллагын түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулж, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад ажилтнуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хангамжийг бэхжүүлэх нь байгууллагын бодлогын салшгүй хэсэг байна гэдгийг хэллээ.
Уулзалтын үеэр тус ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч К.Айбект иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардуулснаас гадна алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 5 ширхэг иж бүрэн суурин компьютер, туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө.
Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан, зарим алба хаагч, тус байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон зарим ахмад ажилтныг шагнаж, урамшууллаа.