Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Хууль зүйн байнгын хорооны референт Б.Галсанбат, ахлах мэргэжилтэн Д.Дөлгөөн нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өнөөдөр (2024.05.09) ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол өөрчлөлтүүд болон шинээр тусгасан гэрлэлтийн гэрээний зохицуулалт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож, гэрлэлт цуцлах харилцаанаас үүсэх үр дагаврыг сайтар тооцох, хүүхдийн эрх, ашгийг хамгаалах заалтын талаар онцлон танилцууллаа.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс хүүхдийн тэтгэлэг төлөлтийн талаарх мэдээллийг өгснөөс гадна хүүхдийн тэтгэлэг төлөх төлбөрийн чадваргүй этгээдээр төлбөрийг хэрхэн гаргуулах болон гэрлэлтийн гэрээнд ирээдүйд үүсэж болох үл ойлголцлыг зохицуулах талаар тодорхой заалтыг тусгах, шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хариуцагчаар дуудагдсан этгээд өөрийн нэр дээрх эд хөрөнгийг бусдад шилжүүлдэг нөхцөл байдлыг өөрчлөх, засаг захиргааны нэгжийн дарга нарт хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлэг төлөлтийг сайжруулах чиглэлээр холбогдох үүргийг хүлээдэг болгох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах саналтай байгаагаа илэрхийлэв.
Мөн үеэр Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын байрны орчин нөхцөлийн талаарх мэдээллийг өглөө.
Ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өгсөн санал, дүгнэлтийг тусгахад анхаарч ажиллахаа мэдэгдэв.