Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан ахмад настнуудыг өнөөдөр (2023.10.03) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа хүндэтгэлийн арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ ахмадын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, урам зоригийг нь нэмэгдүүлэх, бодит тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байх болно гэдгээ онцлоод улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад хандан баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Тус арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үе үеийн удирдлагууд болох хошууч генерал Ж.Содном, бригадын генерал Д.Батжаргал, Гавьяат хуульч, хурандаа Г.Дэндэв нарын 70 гаруй ахмад ажилтан оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад ажилтан Г.Норов, Н.Нэргүй нар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсаныг ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Г.Ганболд гардуулж, байгууллагын удирдлагуудад хандан ахмад настнуудаа болон ахмадын хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.