Үе, үеийн удирдлагууд

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АНГИЙН ДАРГА-ЕРӨНХИЙ ЭМЧ, ДЭД ХУРАНДАА САМБУУГИЙН ОТГОНЫ ТОВЧ НАМТАР /1990-1994 он/

            Дэд хурандаа Самбуугийн Отгон нь 1944 онд Архангай аймгийн Булган с уманд төрсөн. 1972 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1972-1980 онд НАХЯ-ны эмнэлэгт мэс заслын эмч, 1980-1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн эмнэлгийн дээд академийг цэргийн хээрийн мэс заслын мэргэжлээр төгсч 1981-1988 онд НАХЯ-ны эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч, 1990 – 1994 онд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн газрын харьяа нэгдсэн эмнэлгийн анхны ангийн дарга-ерөнхий эмчээр тус тус томилогдон ажиллаж ирсэн. Мэс заслын тасагт ажиллах хугацаандаа 550-600 удаагийн  яаралтай болон төлөвлөгөөт хагалгаанд орж эрдэнэт хүний амь насыг цаг алдалгүй аварч залуу хойч үедээ зааж сурган, тэдэнд үлгэр дуурайлал болж ирсэн. 1994 оны 11 дүгээр сард дарга – ерөнхий эмч, хурандаа Д. Гэрэлцацралтад шилжүүлж, мэс заслын тасгийн эрхлэгчээр 1996 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэргийн гавьяаны амралт тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарсны дараа энгийнээр “Цагдан хорих төв”- ийн эмнэлэгт мэс заслын эмчээр 1996-2003 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж төр засгаас “Алтан гадас одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт” медаль, “Ойн медаль”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, “Онц хилчин”, “Дотоодын цэргийн алдар”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АНГИЙН ДАРГА-ЕРӨНХИЙ ЭМЧ, ХУРАНДАА ДОРЖИЙН ГЭРЭЛЦАЦРАЛТЫН ТОВЧ НАМТАР /1994-1996 он/

            Хурандаа Доржийн Гэрэлцацралт нь 1949 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн. 1972-1981 онд НАХЯ-ны эмнэлэгт дотрын тасгийн эмч, 1981-1988 онд  НАХЯ-ны эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, 1988-1991 онд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн газрын төв эмнэлэгт дотрын тасгийн эрхлэгч, 1991-1993 онд Дорнод аймгийн Хилийн хорооны эмнэлгийн албаны дарга, 1993-1994 онд Хилийн 0119-р ангийн эмнэлгийн албаны дарга, 1994-1996 онд Хорих байгууллагын удирдах газрын нэгдсэн эмнэлгийн ангийн дарга, ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байгаад 1994 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн б/560 дугаар тушаалаар Монгол улсын анхны эмэгтэй эмч хурандаа цолтон төрсөн. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 37, 138-р тогтоолоор ХБУГ-ын Нэгдсэн эмнэлгийг 1995 оны 12 дугаар сард Зайсан дахь сүрьеэгийн клиникийн эмнэлгийн байранд нүүлгэн шилжүүлсэн нь тухайн үеийн эмнэлгийн орчин нөхцөл, өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, өвчтөнүүдийн дундаас гарах халдварт өвчтөн, нас баралтыг тодорхой хувиар бууруулан ажилласан нь хорих байгууллагын эмнэлгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц, дэвшил гаргасан байна. Д.Гэрэлцацралтын хөдөлмөр зүтгэлийг үнэлж төр засгаас “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн хүндэт медаль”, “Ойн медаль”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Back to top button