Байгууллагын товч түүх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нь 1936 онд Улсын төв шоронгийн харьяанд байх үед нь Дотоод явдлын яамны Сайдын 1936 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 151 тоот тушаалаар анх эмнэлгийн албаны даргыг нь Зөвлөлтийн мэргэжилтэн доктор К.Б.Бабуловаг, эмнэлгийн сестра Яблоноваг сувилагчаар томилон ажиллуулж, улмаар 1948 онд Засан хүмүүжүүлэх газрын эмнэлэг нэрээр 200 ортойгоор үйл ажиллагаагаа  явуулж эхэлсэн. Энэ эмнэлэг нь одоогийн 13-р хороолол “Ист худалдааны төв”-ийн суурин дээр Батцагаан хэмээх нэртэй Улсын төв засан сайжруулах газрын эмнэлэг байсан юм. 1950-иад оноос Улаанбаатар хот нь хөгжиж барилга байгууламж баригдан хүрээгээ тэлж эхлэхэд Батцагаан хэмээх Улсын төв шорон нь хотын төв хэсэгт байрших болсон тул 1955 онд одоогийн Баянзүрх дүүргийн Цагаандавааны энгэрт /одоогийн Мамба дацангийн суурин дээр/ цэргийн ангийн зэвсгийн агуулах байсан хэд хэдэн улаан дүнзэн байшингуудад нүүлгэн шилжүүлэхэд Улсын төв шоронгийн эмнэлэг нь мөн адил нүүж одоогийн Туулжин пан компанийн суурин дээр байсан /SOS Medical-эмнэлгийн/ улаан дүнзэн байшинд орсон тул улаан байшинт эмнэлэг гэж нэрлэж эхэлсэн бөгөөд 1968 оны 7-р сард Ганц худгийн аманд Улсын төв шорон шинээр баригдаж, Засан хүмүүжүүлэх байгууллагын удирдах газрын даргын 1968 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 181 дүгээр тушаалаар Улсын төв шоронг эмнэлгийн хамт нүүлгэн шилжүүлж, 1990 оноос Хорих байгууллагуудыг удирдах газрын Нэгдсэн эмнэлэг нь бие даасан эмнэлэг буюу анги болсон. Уг эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 37 дугаар тогтоол, 1995 оны 138 дугаар тогтоолоор тус эмнэлгийг Зайсан дахь сүрьеэгийн клиникийн эмнэлгийн байранд нүүлгэж, 1996 онд ХЗС-ын 90 тоот тушаалаар Дамжин өнгөрүүлэх ангийг Зайсан дахь ХБУГ-ын Нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэж Нэгдсэн хорих 401 дүгээр анги болгон өөрчлөн зохион байгуулан ажиллаж байгаад 1997 онд Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 305, А/368 дугаар хамтарсан тушаалаар Хорихын нэгдсэн эмнэлгийн дүрэм шинэчлэгдэн батлагдаж, тус эмнэлгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартаар зохион байгуулагдахаар статусыг тогтоож 120 ортой, дотор, мэдрэл, мэс засал, онош зүй гэсэн 4 тасагтай, 2 дугаар шатлалаар хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 460 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, уг эмнэлэг нь дахин бие даасан анги болон зохион байгуулагдаж 2016 оны 3-р сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  шилжин Нэгдсэн Хорих 401 дүгээр анги” гэж нэрлэх болсон байна.

2017 онд МУ-ын Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор Хорих байгууллага, түүний нутаг дэвсгэрийн байршил, хорих ангийн дэглэмийг шинэчлэн баталж 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэг нэртэйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

Back to top button